Өөрийн нас, арьсны төрөлд ямар арьс арчилгаа тохирохыг мэдэх үү?

Өөрийн НАС, АРЬСНЫ ТӨРӨЛД ямар арьс арчилгаа тохирохыг мэдэх үү?
Хүний арьс нь бие махбодын хамгийн том эрхтэн байдаг. Төрснөөс эхлэн гаднын аюул, халуун, хүйтэн, уур амьсгал, бохирдол олон хүчин зүйлсээс биднийг хамгаалж байдаг. Тэр хэрээрээ маш их арчилгаа шаарддаг бөгөөд тоомжиргүй хандвал гэмтэх, үрэвсэх магадлал маш өндөр юм. Ингээд өөрийн нас болон арьсны төрөлд тохирох арчилгааг хэрхэн хийх талаар зөвлөмжүүдийг хүргэж байна.
НАСНЫ ХУВЬД... 💋
Өсвөр насныхны хувьд: 12 нас хүрэх үед арьсны бүтэц нь насанд хүрсэн хүнийхтэй бараг төстэй болдог. Энэ үед биологийн бэлгийн бойжилт явагддаг тул дааврын өөрчлөлт их гардаг бөгөөд энэ нь арьсанд маш ихээр нөлөөлдөг. Эдгээр өөрчлөлтүүд нь ихэвчлэн нүүр, цээж, мөр, нуруунд тохиолддог.
Эпидерми буюу арьсны хамгийн гадна давхаргын өнгөн хэсэгт байдаг хамгаалах үүрэгтэй corneocyte-ийн ялгаралт алдагдаж, арьс нь илүү тослог, батганд өртөмтгий болдог. Нас нэмэх тусам буцаад хэвийн болдог ч зарим хүмүүст ялангуяа эмэгтэйчүүдэд тэр чигтээ үлддэг байна.
Мөн охидууд өсвөр наснаас эхлэн нүүр будалт хийж эхэлдэг тул маш оновчтой арьс арчилгааны дарааллыг өдөрт заавал 2 удаа хийх шаардлагатай байдаг. Ингээд энэ үед зайлшгүй хийх ёстой 3 арчилгааг хүргэе.
- Серум эсвэл ампуль хэрэглэх: Батга гарсан эсвэл эмзэгшил ихтэй, хуурайшилт ихтэй эсвэл тослогжилтын баланс алдагдсан бол үрэвсэл дарах, тайвшруулах үйлчилгээтэй, ургамлын найрлагатай зөөлөн серумыг сонгоорой. Учир нь серум нь бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнийг бодвол идэвхтэй найрлагатай байдаг тул хурдан үр дүнгээ өгдөг. Санал болгох найрлагууд: Ногоон цайны ханд, Centella asiatica, AHA, BHA, PHA гэх мэт.
- Чийгшүүлэгч хэрэглэх: Чийгшүүлэгч найрлага буюу гиолураны хүчил, глицерин зэргийг сонгож арьсны чийгээ хадгалж байгаарай.
- Нарны тос түрхэх: Гадаа гарахаас 30 минутын өмнө хамгийн багадаа PF 30 хэт ягаан туяаны хамгаалалттай нарны тосыг түрхээрэй. SPF нь нарны цацрагаас болж арьс гэмтэхээс сэргийлдэг. Нар нь UVB, UVA гэх мэт хоёр төрлийн цацраг ялгаруулдаг. UVB туяа нь наранд түлэгдэх шалтгаан болдог бол UVA хэт ягаан туяа нь арьсанд хөгшрөлт, унжилт, үрчлээс зэргийг үүсгэдэг.
20-30 насныхны хувьд: Энэ насанд амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс хамаарч арьсны хамгийн өнгөн давхарга буюу эпидерми нь нимгэрч эхэлдэг. Мөн анзаарагдахгүй шахам нарийн үрчлээс гэх мэт хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд илэрдэг. Таныг 30 нас дөхөх тусам арьс нимгэрч эхэлдэг бөгөөд арьсны хамгаалалтын бүтэц суларч байдаг. Мөн нарны хэт ягаан туяанаас хамгаалах байгалийн хамгаалалт буурдаг. Коллагены хэмжээ 1% -иас эхлэн буурч, арьсны эсийн бодисын солилцооны үйл явц мөн удааширч эхэлдэг. Дараах арчилгааг заавал хийхийг санал болгож байна.
- Витамин С: Энэ нь нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг антиоксидант юм. Арьсыг гэрэлтүүлж, коллагенийг нэмэгдүүлж, хэт ягаан туяанаас хамгаалдаг.
- Коллаген: Нарийн үрчлээс аль хэдийн үүсч эхэлсэн бол эсвэл хараахан эхлээгүй байгаа урьдчилан сэргийлэх зорилгоор энэ найрлагыг сонгоорой.
- Гиолураны хүчил: Чийгшил маш чухал учраас таны сонголт дунд заавал байх ёстой шүү.
40+ насныхны хувьд: Энэ насанд байнгын арчилгаа хийхгүй бол нарийн үрчлээс нэмэгдэж улмаар арьс илүү ширүүн болж, маш их хуурайшилт явагдах магадлал өндөр байдаг. Нөсөө толбо нэмэгдэх хандлагатай болдог. Дараах арчилгааг заавал хийхийг санал болгож байна.
- Ниацинамид буюу витамин В3 найрлагыг сонгох: Энэ нь томорсон нүх сүвийг багасгаж, тослог ялгаруулалтыг зохицуулж, арьсны жигд бус өнгийг сэргээж, үрчлээг багасгаж өгдөг.
- Антиоксидант үйлчилгээтэй серум эсвэл ампуль хэрэглэх: Утаа, стресс, хорт бодис, агаарын бохирдол, нарны хорт туяа гэх зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс үүссэн чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалах антиоксидант үйлчилгээг үзүүлэх идэвхтэй найрлагатай серум эсвэл ампуль хэрэглэхийг зөвлөж байна.
- Зовхины тос эсвэл маск хэрэглэх: Арьсанд үрчлээ нэмэгдэхэд хүний хамгийн нимгэн арьстай хэсэг болох зовхины хэсэг нь хамгийн түрүүнд унжиж, үрчлээтдэг. Тиймээс зовхины тос, маскыг заавал хэрэглэж заншаарай.
АРЬСНЫ ТӨРЛИЙН ХУВЬД...💁♀️
Хүн бүр өөр өөрсдийн арьсны төрөлтэй байдаг. Холимог, хуурай эсвэл тослог, эмзэг, мэдрэмтгий гэх мэт. Мөн үргэлж нэг төрлийн арьстай байдаггүй бөгөөд улирал, уур амьсгал, гаднын нөлөөллөөр өөрчлөгдөж болдог. Тиймээс байнга арьсаа ажиглаж, оношлуулж, мэргэжлийн зөвлөгөө авч тохирсон арчилгааг хийж байх нь зүйтэй юм.
Арьс оношилгоонд орох зав зай тун бага бол гэрийн нөхцөлд ямар төрлийн арьстайгаа мэдэж авах боломжтой. Үүнд:
- Нүүрээ угааж, арчихгүйгээр хатаана.
- 30 минутын дараагаар хэрэв таны арьс тослогтсон байвал тослог, таталдаж аргасан бол хуурай ямар нэг өөрчлөлт илрээгүй бол хэвийн, улайж хорсох хандлагатай бол эмзэг төрлийнх юм.
Энгийн арьс: Энгийн арьс нь нэг их тослогтож, хуурайшдаггүй бөгөөд хэдий тийм ч гэсэн байнгын арчилгаа шаардаж байдаг. Арчилгааны хувьд:
- Маш сайн ус уух: Хэрэв та өдрийн турш хангалттай хэмжээний ус уухгүй бол таны арьс таталдаж, ширүүн болж эхэлдэг.
- Нарны тосоо марталгүй түрхэх: Нарны шууд тусгал нь арьсыг хуурайшуулж, үрчлээс, хар толбо үүсгэдэг тул марталгүй нарны тосоо түрхээрэй.
- Чийгшүүлэгч найрлагыг байнга хэрэглэх. Үүнд хамгийн алдартай нь мэдээж гиалуроны хүчил юм.
- Ингээд мэдээж унтахын өмнө будгаа заавал сайтар арилгах хэрэгтэй.
Тослог арьс: Тослог арьс нь тослог шинж чанартай бөгөөд энэ төрлийн арьс нь батганд өртөмтгий байдаг. Арчилгааны хувьд:
- Тогтмол чийгшүүлнэ. Ингэх нь таны арьсанд тослог их хэмжээгээр ялгарахаас сэргийлнэ. Чийгшүүлэгчийг зөв сонгох нь чухал.
- Ус маш сайн уугаарай.
- Арьс арчилгааны бусад цагт нүүрэндээ битгий хүр. Тослогоор дамжиж нян бактери орох эрсдэлтэй.
- Хэт зузаан будалтаас зайлсхийгээрэй. Орой унтахын өмнө сайтар цэвэрлээрэй.
Хуурай арьс: Хуурай арьс нь барзгар, холцруутсан бүтэцтэй бөгөөд угаасны дараа таталддаг шинж чанартай. Арчилгааны хувьд:
- Усанд орсныхоо дараа арьсаа тогтмол чийгшүүлж байлгаарай.
- Арьсаа чийгтэй байлгахын тулд их хэмжээний ус уугаарай.
- Арьсны байгалийн чийгийг хадгалахын тулд чийгшүүлэгч хэрэглээрэй.
- Арьсаа хуурайшихаас сэргийлж нарнаас хамгаалах тосыг хэрэглээрэй.
- Гэр ахуйн угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис гэх мэтийг хэрэглэхдээ бээлий өмсөөрэй.
Холимог арьс: Холимог арьс нь Т хэлбэрээр тослогтож, хацар хэсгээр хуурайшсан байдаг. Арчилгааны хувьд:
- Зөөлөн цэвэрлэгч хэрэглээрэй.
- 7 хоногт 2-3 удаа гуужуулаарай.
- Нарны тосоо марталгүй түрхээрэй.
- Байгалийн эрүүл найрлагыг сонгоорой.
Эмзэг арьс: Хэрэв таны арьс халуун ногоотой хоолонд улайж, шинэ бүтээгдэхүүнд сөрөг хариу үйлдэл үзүүлж байвал эмзэг арьстай гэсэн үг. Арчилгааны хувьд:
- Харшил үүсгэгчгүй гэдэг шошгонд бүү итгэ. Ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө заавал гартаа түрхэж тест хийж байгаарай.
- Зөөлөн цэвэрлэгч, чийгшүүлэгч, нарнаас хамгаалах тос худалдаж аваарай. Нүүрэндээ хэт олон бүтээгдэхүүн түрхэж болохгүй. Ногоон цай, Centella гэх мэт тайвшруулагч найрлагыг сонгоорой.
- Халуун шүршүүрт орохоос зайлсхий. Учир нь арьсны тослогжилтыг бууруулдаг тул арьс цочрох магадлалтай.
Батгатай арьс: Хамгийн их санаа зовоодог төрөл. Нэг л удаа арчилгаагаа мартвал батгашилт нэмэгдсэн байх эрсдэлтэй. Арчилгааны хувьд:
- Худалдааны зөвлөхийн зөвлөгөөнөөс гадна арьс арчилгааны мэргэжлийн оношилгоонд ороорой.
- Юунаас болж батга үүсч байгааг оношлох нь хамгийн эхний алхам юм.
- Арьс арчилгаанаас бусад үед бохир гараараа битгий хүрээрэй.
- Зөөлөн найрлага, тайвшруулах найрлагыг сонгоорой.
Ингээд нийтлэлийг минь уншсан эрхэм хэрэглэгч танд баярлалаа. Дараагийн нийтлэлээрээ уулзацгаая. 🤩